Мэдээ мэдээлэл (305/358)

АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн Сүхбаатар аймгийн ЗДТГ-т эхэллээ. Зөвлөгөөнд сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн нийтдээ 100 гаруй хүн оролцож байна.

Зөвлөгөөнийг Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Мөнхжаргал нар нээж үг хэлэв.

ЗДТГ-ын дарга П.Мөнхжаргал: Жил бүр уламжлал болон удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагддаг. Энэ үеэр бид удирдлагуудад үүрэг чиглэл өгч, санал бодлыг нь сонсож, үр дүнгийн гэрээгээ байгуулдаг билээ. Төрийн албаны шинэ хууль батлагдсан түүнийг дагалдан 47 журам гарсан ба та бүгд хууль дүрмээ сайн судалж, хэрэгжүүлж ажиллахыг хүсэж байна. Зөвлөгөөндөө идэвхтэй оролцоорой гээд амжилт хүсэж үйл ажиллагааг нээсэн юм.

Засаг дарга Ж.Эрдэнэбаатар нээлтийн эхэнд 2018 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар товч хүргэсэн юм. Аймаг орны эдийн засгийн өнөөгийн байдлаар ч мөн товч танилцууллаа. Үүнд:Аймаг 2018 онд 55,3 тэрбум төсөвт суулгасан, Дотоодын нийт бүтээгдэхүүн 415,4 тэрбум төгрөгт хүрч Улсад аравт жагсаж байна, Хадгаламжийн хэмжээ 79,8 тэрбум төгрөгөөр өсч өнгөрсөн жилийнхээс 24,5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, Малын тоо толгой, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд өнгөрсөн оныхоос өссөн, зэргийг дурдлаа. 2019 оны хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, худалдан авах ажиллагаа, төсвийн орлогыг бүрэн төвлөрүүлэх “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн ажлыг зохион байгуулах, Энэ дагуу төрийн байгууллагын бүх шатанд, төрийн албан хаагч бүр сахилга бат, ёс зүйтэй, шударга байж, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэж ажиллахыг анхааруулж зөвлөгөөндөө үр дүнтэй оролцохыг хүслээ. 

                                                                                                                                                   П.Чимидлхам