Мэдээ мэдээлэл (327/376)

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч М.Идэрбатаар ахлуулсан ажлын хэсэг Цайрт минераль ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, хэлэлцээр хийлээ. Аймаг орон нутгийн зүгээс тус компанитай байгуулсан хамтран ажиллах гэрээг шинэчлэн, нэмэлтээр хэд хэдэн заалт тусгах санал хүргүүлсэн. Харин уг заалтын заримыг нь Цайрт минераль ХХК-ийн зүгээс биелүүлэх боломжгүй гэдгээ илэрхийллээ.

Аймаг орон нутгийн зүгээс уурхай болон Баруун-Урт сум хоорондын долоон километр авто замын хучилтын ажлыг энэ онд дуусгах, жилийн борлуулалтын орлогын гурван хувийг аймгийн төсөвт оруулах гэсэн үндсэн хоёр заалтыг шинээр оруулсан. Ажлын хэсгийнхэн хэлэхдээ, бид тооцоо судалгааг хийж үзсэн. Борлуулалтын орлогын гурван хувь гэдэг нь ойролцоогоор долоон тэрбум төгрөг. Хэдийгээр тус компани орон нутгийн иргэдийг тогтмол ажлын байраар хангаж, нийгмийн асуудлыг шийдвэрлэж ирсэн ч газрын баялгийн үр шимийг аймгийн 60 гаруй мянган хүн ам адил тэгш хүртэх ёстой. "Цайрт минераль" ХХК-ийн жилийн цэвэр ашиг 100 орчим тэрбум төгрөг. Тэгэхээр бидний тавьж буй энэ санал бол хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байгаа гэлээ.

"Цайрт минераль" ХХК аймаг орон нутгийн төсөвт жилд 1,5 тэрбум төгрөг оруулдаг. Үүнийг нийгмийн нэн шаардлагатай салбарт зарцуулахаар гэрээнд тусгагдсан байдаг. Тус гэрээг 2017 онд дөрвөн жилийн хугацаатай байгуулжээ. Энэхүү гэрээ өнөөг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа учир гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө өөрчлөлт оруулах боломжгүй. Бид хуулийн дагуу үйл ажллагаагаа явуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ зарчмын дагуу биелүүлж байгаа. Нөгөө талаар уурхайн олборлолтын үйл ажиллагаа далд хэлбэрээр явуулах ажлыг төлөвлөн, судалгааны ажлаа эхлүүлээд байна. Үүнд 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ ажлыг амжилттай эхлүүлвэл уурхай төдийгүй аймаг орон нутагт цаашид илүү их үр өгөөжөө өгөх болно. Тиймээс бид аль аль талдаа зөв ойлголцолд хүрч, хамтран ажиллах шаардлагатай гэдгийг "Цайрт минераль" ХХК-ийн захирал С.Батхүү хэллээ.

Хэлэлцээр хоёр цаг үргэлжилсний эцэст авто замын хучилтын ажлыг 2020 онд дуусгах тохиролцоонд хүрлээ. Харин бусад асуудлыг дараагийн хэлэлцээрээр дахин ярилцахаар шийдвэрлэв. Хэлэлцээрийг талууд шат дараатайгаар хийнэ. Ингэхдээ 06 дугаар сарын 01 гэхэд тохиролцоонд хүрч чадахгүй бол аймаг орон нутгийн зүгээс хариуцлага тооцох, цаашлаад үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм.

 

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээр ахлуулсан ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 147 дугаар захирамжаар баталсан. Тус ажлын хэсэг нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон ААНБ-тай хэлэлцээр хийж, гэрээ байгуулах ажлыг гүйцэтгэх аж. 

 

                                                                                                                                        Сүхбаатар /МОНЦАМЭ/.