Мэдээ мэдээлэл (333/358)

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан болон аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар аймгийн Уулбаян, Мөнххаан суманд ажиллалаа. Уулбаян суманд хамгийн тулгамдаж буй асуудал болох үлийн цагаан огтоно устгах ажилд яамны зүгээс дэмжлэг үзүүлж, хортой будааг үнэ төлбөргүй олгохоор болов.

Уулбаян сумын 17 мянган га талбайд үлийн цагаан огтоно тархжээ. Бог мал идэх өвсгүйн улмаас огтоно идэх тохиолдол гарах болсон бөгөөд энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж өгөхийг салбарын сайдад уламжиллаа. Энэ жил тус сумын 7000 га талбайд огтоно устгалын ажил хийнэ. Уг ажлыг жил бүр хийдэг ч бүх газар нутгийг хамруулж чаддаггүйн улмаас үр дүн муу байгааг аймгийн ХХААГ-ын дарга Э.Өлзийтогтох хэллээ.

Харин ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан огтоно устгалын ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг онцлоод 7000 га-д шаардагдах хорт будааг яамны зүгээс үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэлээ. Улмаар устгалын ажлыг сум орон нутгийн төрийн албан хаагчид малчдын хамтаар үр дүнтэй зохион байгуулахыг үүрэг болгов.

Дараагийн тулгамдаж буй асуудал бол худаг усны асуудал юм. Сүүлийн хоёр жилд орон нутаг болон улсын төсөвт гүн өрмийн худаг гаргах ажил тусгагдаагүй. Тиймээс сум орон нутгийн зүгээс гар хийцийн худаг гаргасан иргэдийг урамшуулах ажлыг эхлүүлсэн ч хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан түр зогсжээ. Харин салбарын сайд энэ ажлыг үргэлжлүүлэх нь зөв гэж үзээд энийн гар хийцийн худаг гаргасан малчдыг дэмжих, урамшуулах ажилд мөн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.

Ийнхүү ажлын хэсгийнхэн тус сумын хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж буй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Мөн иргэдтэй уулзалт хийж Засгийн газар болон яамны зүгээс барьж буй бодлого шийдвэр, үйл ажиллагааг танилцуулж, санал солилцсон юм.

 

Уулбаянчууд энэ онд түүхт 95 жилийн ойтойгоо золгож байгаа. Үүнтэй холбоотойгоор сум орон нутагт бүтээн байгуулалтын ажлууд багагүй хийж байгаа аж. 

                                                                                                                                                          Сүхбаатар /МОНЦАМЭ/.