Мэдээ мэдээлэл (343/376)

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Болдын Сүхбаатар өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын төрийн үйлчилгээний гавьяат ажилтан цол, тэмдгээр шагнууллаа. Тэрбээр улсад нийт 43 жил тасралтгүй ажилласнаас 24 жилд нь төрийн албаны дунд шатанд буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Засаг даргын зөвлөхөөр ажилласан юм.

Б.Сүхбаатар нь сүүлийн таван удаагийн засаглал эхлэх үед аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж, ИТХ-аар батлуулан мөрдүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Сүхбаатар аймгийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг эрдэмтэн мэргэд, холбогдох байгууллагуудын хүчин туслалцаатайгаар шинэчлэн боловсруулахад мөн хүчин зүтгэсэн билээ.

Түүнчлэн аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласны сацуу Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Төрийн албаны салбар зөвлөлийн даргаар 13 жил, ядуурлыг бууруулах /тогтвортой амьжиргаа/ аймгийн зөвлөлийн даргаар 10 жил ажиллаж, ажлыг нь тогтмолжуулжээ.

Төрийн мэргэшсэн бөгөөд жинхэнэ албан хаагч асан Б.Сүхбаатар гуай 2016 онд тэтгэврийн насны дээд хязгаарт хүрч тэтгэвэртээ гарсан хэдий ч “Амжилтын талст” нийгэмд үйлчлэх ТББ-ыг байгуулж, залуу ажилтнуудад ажлын дадлага, туршлага, мэдлэгээсээ хуваалцаж, туслалцаа үзүүлсээр байгаа юм.