Мэдээ мэдээлэл (345/350)

Энэ цаг үед ид барилдаж буй идэр залуу бөхчүүд цолоо ахиулах, шинэ цолонд хүрэхийн төлөө хүч үзсэн юм. Энэ жилийн наадамд Сүхбаатар аймгийн Асгат сумын харъяат, Жавхлант бөхийн дэвжээ, Одкон ХХК-ийн бөх аймгийн заан Чулуунтөмөр Энхмөнх 8 даван түрүүлж аймгийн арслан цол хүртлээ. Тэрээр 2016 онд аймгийнхаа наадамд үзүүрлэж байсан. 2015 онд улсын наадмын хоёрын даваанд улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг өвдөг шороодуулж, тухайн жилийн улсын наадамд 3-ын даваанд гарч барилдсан  хоёр сумын зааны нэгээр шалгарч байсан билээ. Ийнхүү МУ-ын начин Б.Батжаргалаас хойш 13 жилийн дараа аймгийн арслан цолтон төрлөө. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харъяат, Ханан жим клубын бөх, аймгийн заан Мөнхбаатарын Гансүх хоёр жил дараалан аймгийнхаа наадамд үзүүрлэж, заан цолоо баталж, тав дахь удаагаа шөвгөрлөө. Шөвгийн дөрөвт Баруун-Урт сумын харъяат аймгийн арслан Ч.Булганхүү шалгарлаа. Наран сумын харъяат сумын заан н.Сайнбаяр 5-ын даваанаас эхлэн тунан барилдсаар аймгийн харцага цолонд хүрсэн байна. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харъяат Дээжээгийн Ганбаатар, Онгон сумын харъяат Баянсайхан, Баяндэлгэр сумын харъяат Бат-Эрдэнэ нар тав давж аймгийн начин цол хүртсэн байна.  

                                                                               Сэтгүүлч Б.Өлзийтогтох